Манай улсад 1990 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш эдүүгээ улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 7 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, жил бүр 230-260 уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжлээр төгсгөж байна. Монголын уламжлалт анагаах ухааны төр, хувийн хэвшлийн 45, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг 9, амбулатори 200 орчим ажиллаж, 841 уламжлалт анагаах ухааны их эмч, 455 сувилагч анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 247 дугаар тушаалыг батлуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн уламжлалт анагаах ухааны хөгжил, дэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, уламжлалт эм, инновацийн бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, үзлэг, оношилгоо хийх зорилгоор “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья” сэдэвт өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн уламжлалтын эмнэлгүүд, уламжлалт эмийн үйлдвэрүүд оролцлоо.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам