ЭМГЭНЭЛ

/1935-2020/

Монгол улсын “Ардын эмч”  АУ-ны доктор профессор  бид бүгдийн хайртай багш Эрз овогтой Санжаа 2020 оны 01 сарын 27 ны өдөр хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусийг үзүүлэн бурханы хутгийг олж үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1935 онд Сэлэнгэ аймагт төрж, 1953-1958 онд МУИС-ын хүн эмнэлгийн факултетийг төгсөж МУИС-н оюутнуудад нүд судлалын чиглэлээр лекц уншиж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэнээс хойш эрүүл мэндийн салбарт 60 гаруй жил хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан анхдагчдын нэг билээ.

Э.Санжаа нь ЭМШУИС-ийн нүд судлалын тэнхим, АУ-ны “Ач” дээд сургуулийн нүд судлалын тэнхимийн эрхлэгч, УКТЭ, 2-р нэгдсэн эмнэлэг ЭНЭШТ-ын хүүхдийн нүдний тасаг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, “Орбита” нүдний эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллахын зэрэгцээ ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Монголын нүд судлалын нийгэмлэгийн тэргүүн, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, холбоог үүсгэн байгуулагчдын  нэг байсан.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1998 онд МУ-ын “Хүний гавъяат эмч, 2013 онд МУ-ын “Ардын эмч” цолоор тус тус шагнажээ.

Түүний 1994 онд үүсгэн байгуулсан“Орбита” нүдний эмнэлэг олон улсын түвшний оношлогоо эмчилгээ, эрдэм шинжилгээ судалгааны төв болон өргөжиж ард түмэндээ ач буянаа өгсөөр, бүтээсэн ном товхимолууд, нийтлүүлсэн өгүүлэл, хэвлүүлсэн илтгэл нь олон арван шавь нарынх нь гарын авлага болон хэрэглэгдсээр байна.

Тэрээр Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд өөрийн оюун ухаан хүч чадлаа харамгүй хайрлан, эмч нарын шинэ үеийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд үнэлж баршгүй гавьяа байгуулсан эмч, багш, удирдагч, эрдэмтэн,судлаач байсан юм

Монголын ард түмний дунд “НҮДНИЙ” хэмээн  алдаршсан түүний гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, Холбооны Удирдах Зөвлөл, нийт гишүүд дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Leave A Comment